Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, Монголбанк, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жил, Үнэт цаасны хорооны (одоогийн Санхүүгийн зохицуулах хороо) 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, ирээдүйн 100 жилд ашиглах хамтарсан бүтээлийг Танд хүргэж байна.
Уг толь бичгийг шинэчлэх ажлыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “UFE Next 100” ажлын хэсэг болон Монголбанкны хамтарсан санаачилгаар эхлүүлсэн бөгөөд эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг нэр томьёог нэг мөр ойлгож, хэрэглэх боломжийг бүрдүүлэх, салбарын зохицуулалт, судалгаа, сургалтын үйл ажиллагаанд ойлголтын зөрүүг багасгах, иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон давуу тал бий болгох зорилготой.
Тайлбар толийн анхны хувилбарыг 2015 онд Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн санхүүжилтээр Монголбанкны Хяналт шалгалтын газраас санаачлан гаргаж байсан юм. Уг толь бичиг нь “Эдийн засаг", "Банк санхүү, хөрөнгө оруулалт", "Үл хөдлөх хөрөнгө, ипотекийн зээл" болон "Анхны нийтийн арилжаа" гэсэн 4 бүлгийн 1300 орчим үг хэллэг, нэр томьёоноос бүрдэж байв.
Харин шинэчлэн боловсруулсан энэхүү хоёр дахь хэвлэл нь СЗХ-ны "Даатгалын нэр томьёоны тайлбар" болон Ж.Үнэнбат нарын "Хөрөнгийн зах зээлийн нэр томьёоны тайлбар толь - 2013"-ыг нэгтгэснээс гадна “Финтек”, “Тогтвортой санхүү”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх”, “Бичил санхүү”, “Гадаад худалдаа төлбөр тооцоо”, “Санхүүгийн бодлого, зохицуулалт” гэсэн 7 бүлгийг шинээр нэмж, санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд ашиглагдаж буй шинэ үг хэллэгээр баяжуулан илүү өргөн цар хүрээтэй болгосноороо онцлог юм. Шинэчлэгдсэн толь бичигт нийт 11 бүлэг, 3650 гаруй нэр томьёо орсон бөгөөд гурван байгууллагын 37 эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн хамтран ажиллалаа. Бүлэг тус бүрийг энд дурдвал:
Уг толь бичгийг боловсруулахдаа олон улсын болон Монголын санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч буй нэр томьёог түлхүү оруулж, хялбар ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээсэн болно. Ингэснээр санхүүгийн чиглэлээр суралцагчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, санхүүгийн зах зээлийн оролцогчид төдийгүй энгийн иргэд ч мэргэжлийн нэр томьёог зөв ойлгох, олон улсын түвшний нэгдсэн ойлголтод хүрэх, мэдлэгээ тэлэхэд ихээхэн дэмжлэг болох юм. Мөн тайлбар толийн цахим хувилбарыг нээснээс гадна гар утасны “Санхүүгийн боловсрол” аппликейшн дээр тусгай хэсэг нэмлээ. Энэ нь иргэд, олон нийт хэрэглэхэд илүү хялбар, хүртээмжтэй болгож, хаанаас ч хандах боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
Тайлбар толийг боловсруулахад оролцсон зохиогчид, ажлын хэсгийн гишүүд, редакторууд, үнэтэй санал, хувь нэмрээ оруулсан Монголбанк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, хамт олон, мөн анхны хувилбар болон бусад тайлбар толийн бүтээлд гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлье.
Эдийн засаг, санхүүгийн тайлбар толь бичгийн ажлын хэсэг.